Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Шүүх эрх мэдлээс улстөрчдийг хол байлгахын учир
2017 оны 2 сарын 23 [Уншсан тоо: 105980]

Хэн нэгний зохисгүй үйлдэл нь гэмт хэрэг мөн эсэхийг зөвхөн мэргэжлийн шүүгчдээс бүрдэх шүүх тогтооно. Хэрэв гэмт хэрэг мөн гэдэг нь тогтоогдвол эд хөрөнгө, эрх чөлөө, амь насыг нь хөндөн хариуцлага ноогдуулан ял оноох эрхийг зөвхөн тухайн шүүх эдлэх учиртай.  Өөр хэн ч ийм эрхгүй. Тэр тусмаа улстөрчид. Тэднийг шүүх эрх мэдлээс бүр "хол" байлгах ёстой.

Ингэж шүүх эрх мэдлийг улстөрчид болон улстөрийн инстүүцээс тусгаарлах ёсыг шүүхийн хараат бус байдал гэнэ. Энэ зарчим нь түүхийн явцад улстөрийн зорилготой аймшигт терроруудыг үзсэний дүнд хүн төрөлхтний болоод Монголчууд бидний маш өндөр үнээр олж авсан ололт.

Өөрийнхөө өрсөлдөгчид болон олон түмнийг айлган сүрдүүлэх зорилгоор явуулдаг хядлагыг террор гэж нэрлэдэг. Түүхэнд аливаа хүч хэрэглэсэн хувьсгал, төрийн эргэлтийн дараа террор хийх,  өмч хөрөнгийг хураах чиг үүрэг бүхий "Онцгой комисс", "Хувьсгалт шүүх", "Нийгмийг хамгаалах хороо" зэрэг нэр хаягтай, улстөрчид, хувьсгалчдаас бүрдсэн "шүүх"-үүдийг байгуулж иржээ.

Анхны ийм "шүүх" 1649 оны 1-р сард Англид байгуулагдсан юм. "Шүүх"-ийг эзэн хаан нэгдүгээр Карл (Charles I)-ийг цаазлах зорилгоор байгуулсан бөгөөд хааныг хамгийн ихээр дайсагнагч парламентийн төлөөлөгчдийн танхимийн шийдвэрээр, зориудаар Оливер Кромвель (Oliver Cromwell) тэргүүтэй хааныг цаазлах шийдвэрийг аль хэдийнээ гаргачихсан улстөрчидөөс "шүүх"-ийг бүрдүүлсэн байна.

"Шүүх"хуралдааны үеэр хуралдаан даргалагч Брэдшоу (John Bradshaw)   Карл (Charles I) хаанд шүүхийн өмнө зогсож байгааг сануулахад хариуд нь "Би, өөрийгөө шүүхийн биш хүчирхийллийн өмнө зогсож байгааг харж байна" хэмээсэн гэдэг.

"Шүүх" хааныг цаазлах шийдвэр гаргав. Цаазыг хэрхэн гүйцэтгэсэн дүр зургийг «Шадар гурван цэрэг» номон дээр тодорхой гаргасан байдгийг манайхан уншсан байлгүй.

Цаазлаад зогсоогүй хааны бүх хөрөнгийг нь хурааж дараа нь өөрөө дарангуйлагч "хаан" болон хувирсан Оливер Кромвелийн (Oliver Cromwell) мэдэлд шилжүүлсэн бөлгөө.

Хожим нь эл "шүүх"-ийн шийдвэрт гарын үсгээ зурсан олон гишүүд нь Кромвелийн дарамтанд байснаас болж хуулийн үндэслэл үгүй шийдвэр гаргахад хүрсэн хэмээн өчсөн байдаг.

Нэг зуун дөчин дөрвөн жилийн дараа Францад, олныг хамарсан террор явуулах улстөрийн зорилготой  "шүүх"-ийн нэн далайцтай төгс хэлбэрийг байгуулжээ.

Нэг мянга долоон зуун наян есөн оны хавар Францад хувьсгалын үйл хэрэг эхэллээ.

Хаант засгийг түлхэн унагалаа. Эзэн хаан Людовик XVI (Louis Auguste XVI)-т Карлтай адилхан хувь заяа ноогдов. Нэг мянга долоон зуун ерэн гурван  онд түүнийг бас л устгахаар шийдчихсэн улстөрчидөөс бүрдсэн "шүүх" байгуулан шүүж, цаазаар авах ял оноов. Тэгээд мөн л адил толгойг нь авсан юм. Хөрөнгийг нь ч бас хураасан.

Улмаар францын хувьсгал, хааныг цаазалснаар зогссонгүй цаашлаад хувьсгалд аюул учирч байна гэсэн нэрийдлээр шинэ дутам бий болсон парламент буюу Конвентийн тогтоолоор, хувьсгалчдаас бүрдсэн "Нийгмийг хамгаалах хороо" болон түүний шийдвэрийг ёсчлон гүйцэтгэх үүрэг бүхий "Хувьсгалт шүүх" гээчийг байгуулжээ.  Ийнхүү урьд хожид дуулдаагүй, зохион байгуулалт бүхий улстөрийн террор мэндэлсэн юм.

Олон зуун мянган хүний толгой авахад хүний тамир тэнхээ хүрэхгүй байсан учраас парламентын гишүүн доктор Ж. Гильотений (Joseph-Ignace Guillotin)  саналаар энэ ажлыг хийх "энэрэнгүй" машин зохион бүтээжээ. Гильотиноор 6 сарын дотор Парист 20 мянга, орон нутагт түүнээс хоёр дахин их хүний толгойг авч байжээ.

Улстөрчдөөс бүрдэж, улстөрөөр халуурсан "шүүх" хүчирхийллийг үзүүлж өглөө. Нийгмийг хамгаалах хорооны шаардлагаар парламент "Сэжигтэй этгээдийн тухай хууль" батлав. Ингээд сэжигтэй санагдсан хэнийг ч якобинчуудын намын лидер Робеспьерийн ( Maximilien François Marie Isidore de Robespierre) толгойлдог “Нийгмийг хамгаалах хороо” шүүх эрхтэй болов. Шүүгдэгч өмгөөлөл авах эрхгүй зөвхөн хорооны гишүүний асуултанд л хариулна. Эцэст нь хорооны гишүүдийн саналаар сэжигтний гэм буруутай эсэхийг шийднэ. Заавал нотлох баримт шаардахгүй. Гэмт буруутай гэж үзвэл "Хувьсгалт шүүх"-ээр цаазын ял ноогдуулан даруй гильотиноор гүйцэтгэнэ. 

Нийгмийг хамгаалах хороог удирдаж байсан якобинч Робеспьер, Сен Жюст (Louis Antoine de Saint-Just) нар нь гай болж хүчирхийлэлд донтох сэтгэцийн эмгэгтэй, садистууд асан ажээ.

Тэдний сэтгэцийн эмгэг Парисыханд халдварласан байлаа. Хүчирхийлэлд шунаж хөөрсөн олон түмэнд хот эзлэгдэж, бараг өдөр бүр зуу зуугаараа гильотиноор цаазлагдах хүмүүсийн тарчлааныг харж таашаал авах хийрхсэн хийтэй хувьсгалчдын хөлд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн толгой хөглөрч байсан гэдэг билээ.

Францын хувьсгалаас хойш 128 жилийн дараа Орос оронд  Октябрийн хэмээн нэрлэгдсэн хувьсгал дахин дэгдэв. Францад болсон хувьсгалт террорыг "Их террор" гэж нэрлэж байсан бол Оросынхыг "Улаан террор" хэмээжээ.

Нэр нь өөр боловч "Улаан террор"-ын санааг "Их террор"-аас авсан юм. Улаан террорыг зохион байгуулах чиг үүрэг бүхий “Бүх Оросын Онцгой Комисс” (манайхны хэрэглэдэг "чика" гэх үг эндээс гаралтай юм) гээчийг байгуулах шийдвэр гаргаж даргаар нь Дзержинскийг томиллоо. Уг хурал дээр Ленин- "...гаргуун пролетарийн якобинч" хэмээн Дзержинскийг хувьсгалч ёсоор тодорхойлсон аж. Энэ бол Джержинскийг Робеспьер шиг хэрцгий байж чадна гэсэн үг юм.

Тэд эхлээд, “Онцгой Комисс”-ыг хувьсгалын эсэргүү этгээдийг илрүүлэн тогтоож баривчлаад "Хувьсгалт шүүх"-д хүргэх үүрэгтэйгээр байгуулсан юм. Төд удалгүй засгийн газрын “тогтоолоор” өөрөө шүүн яллаж, газар дээр нь ялыг гүйцэтгэж байх онц эрх олгон өөрчилжээ.

Онцгой комисс улстөрчидөөс бүрдсэн учраас хуулийн үндэслэл зэргээр ёсорхдог ч үгүй байсан. Шүүх гэчихмээр ёсыг хэлбэрийн хувьд ч гүйцэтгэж байгаагүй нь өмнөх хувьсгалуудаас ч илүү эрээ цээргүй болж байлаа. Тэдний хийдэг зүйл нь байцаана, комиссын тогтоол уншаад  шууд буудна.

Хоёрдугаар Николай хааныг хатан болон таван хүүхэд, хувийн эмч, гурван зарцынх нь хамт харанхуй шөнөөр байшингийн доод хонгилд буудан хороосон байдаг. Ямар ч адгийн шүүх ядахдаа хүүхэд, зарц нарыг цаазлах шийдвэр гаргахгүй байсан болов уу. Улстөрчдийн улстөрийн зорилготой "шүүх" ийм аюултай!

Онцгой Комиссын улаан террорт 3 сая хүн амиа алдсан гэдэг тооцоо байдаг.

Онцгой Комиссын туршлага Октябрийн хувьсгалтайгаа хамт Монголд орж ирсэн билээ.

Тэр үед монголчууд найрсаг, зочломтгой, шудрага, хоорондоо их ахан дүүсэг улс байсан юм. Энэ тухай 1919 онд монголыг судлах экспедицийг ахлан ажиллаж байсан И.М. Майский- "Монгол хүний хамгийн дур булаам сайхан чанар бол түүний хөгжилтэй сэргэлэн зан, зочломтгой чанар юм. Монгол хүн царайгаа барайлган дүнсийчихсэн байх нь тун ховор... сайхан цагаан шүдээ яралзуулан инээмсэглэж... чанга гэгч хөхөрч явна..."гэжээ. Тэгээд, 500 км холын замд гарсан эр, эм хоёр гоёлын дээлээс өөр ачаа хүнс юу ч үгүй явааг хараад маш гайхаж асуухад нөгөөдүүл нь бас өөдөөс нь ихэд гайхан "Өөр яах гэж? Замд айл зөндөө шүү дээ!" хэмээн хариулж байсан тухай «Монгол орон, хувьсгалын босгон дээр» гэдэг номдоо дурссан байдаг. Мөн тэрээр "...монголчуудын дийлэнхи нь шудрага хүмүүс... өр зээлийг... зөвхөн амаар хийдэг... өр төлөхөөс татгалзах явдал тун ховор..." зэргээр бичжээ. Магадгүй энэ бол нүүдлийн мал аж ахуй, буддын шашинд суурилсан соёл иргэншилийн араншин байх.

Ямар ч байлаа монголчууд, гамин цагаантай тулалдсаныг эс тооцвол Ардын хувьсгалаа хоорондоо эвлэлдэж тайван замаар хийв. Хувьсгалт шинэ Засгийн газраа ард ноёд, лам хар гэлтгүй хамтраад байгуулжээ. Энэ тухай Баабар- "... Монголчуудын хооронд анги бүлэг болоод, ангийн тэмцэл хурцдан засгийн эрх булаацалдсан зүйл энэ үед байсангүй" хэмээн онцолсон байдаг.

Хөөрхийс, төд удахгүй Коминтерний хувьсгалчид онцгойхны явуулга хатгаасаар бий болох аймшигт ирээдүй хүлээж байгааг тэр үед яахан мэдэх билээ.

Улстөрийн хядлагыг Ерөнхий сайд асан Бодоогоор эхэлсэн.

Эрх мэдэл огт булаацалдалгүй, Ерөнхий сайдын ажлаа өгчихөөд хөдөө мал маллан амьдарч байсан Бодоог Хүрээнд авчран Оросын чекист Сорокиноор эрүүдэн байцааж байгаад 15 хүний хамт буудан хороож цаазалсан байна. Ямар ч шүүх хурал огт болоогүй. Мөнөөх л дан улстөрчдөөс бүрдэх Засгийн газраар Сорокины оруулсан танилцуулгыг авч хэлэлцээд "...цөм буудан алах..."-аар “тогтоол” гарган шийдсэн байдаг. Засгийн газар Шүүх болжээ. Ийнхүү Зөвлөлтийн комиссар, онцгойхны явуулгаар Монголын хувьсгалчид бие биеэ устгах ажилд шуудран орлоо.

Бодоо болон түүний нөхдийг цаазлахад баярлаж байсан Данзан хоёр жил орчмын дараа бас өөрийн нөхөр Баваасангийн хамт буудуулсан. Энэ удаад түүнийг бүр байцаагаа ч үгүй. Намын 3-р Их хуралын төлөөлөгчид "...Данзан... хулгайчийг устгах хэрэгтэй..." гэсэн Зөвлөлтийн комиссар Ринчиногийн саналыг дэмжсэн учраас шууд барьж аваад цаазалжээ. Намын Их хурал Шүүх болсон аж.

Дараа дараагийн жилүүдэд: Дамбадорж, Япон Данзан, Лхүмбэ, Жигжиджав, Гэндэн, Дэмид гэх мэтээр нэг хэсэг нь нөгөөгөө ээлж халан устгаж байв. Чойбалсан, бусад нөхдөө цаазлах ажлыг удирдаж байсан шөнийн нэг явдалд гэмгүй тэнэж яваад таарсан 10 настай хүүхдийг гэрч үлдээхгүйн тулд “цаазалсан” байдаг.

Сүүлдээ, энэхүү аймшигт хядлага нь явсаар жирийн иргэд рүүгээ орлоо. Террорын цар хүрээ өргөжих болсон учраас “Онцгой комисс” байгууллаа. Сургагч нар хядлагыг гардан хийх “ногоон малгайтнууд”-ыг бөөн бөөнөөр бэлтгэн гаргаж байлаа.

Онцгой комиссын тогтоолоор цаазлагдах ардуудын тоо хэдэн арваар биш хэдэн мянгаар яригдах болов. Гэм зэмгүй жирийн монголчуудыг эхнэр хүүхдүүдийнх нь өвөрөөс сугалж аваачаад буудах, ээж аавынх нь тэврээс булааж аваад цаазалдаг боллоо. Цусанд согтсон ногоон малгайтнууд зүгээр ч нэг буудчихгүй тарчлаган зовоож, бах таваа хангах явдал ч гарч байсан юм.

Мөнөөх ах дүүсэг, аятай монголчууд бие биенээсээ айсан, дээрэлхсэн, матсан жудаггүйчүүд болон хувирлаа. Матагдсан хэн бүхнийг Онцгой комисс буудахыг нь буудаж, шоронд хатаахыг нь хатаажээ.

Хоёр аравныг дамжин явагдсан Монгол дахь улаан террор 40-өөд мянган монголчуудын амь насыг авч одсон билээ.

Амь насыг нь аваад зогсохгүй, эсэргүү гэгдэгчдийн өмч хөрөнгийг нь хурааж, ар гэрийг нь хоосруулан орхиж цаазлуулагсад, шоронд орогсод болоод шатаагдсан хүрээ хийдийн хураагдсан дээрмийн хөрөнгөөр социалист төрийн өмч бий болгож байсан нь террорын бас нэг зорилго юу байсныг хэлнэ. Хөрөнгө хураалтаар хувьдаа завшиж хөлжсөн ногоон малгайтнууд ч цөөнгүй байсан бөгөөд тэд бие биеээ хүртэл матан устгуулдаг байсан гэдгийг түүх гэрчилнэ.

Их хэлмэгдүүлэлт монголчуудыг танигдахын аргагүй болтол өөрчилсөн.

Монгол хүн монгол хүнээ ингэж бөөнөөр нь хомроголон устгасан явдал урд түүхэндээ хэзээ ч тохиож байгаагүй. Бие биендээ дайсагнасан он жилүүдэд өнөөх цагаан шүдээ яралзуулан инээх найрсаг, зочломтгой, шудрага монгол хүн үгүй болсон юм. Хов матаасанд дуртай, атаархуу, дээрэлхүү, тэвчээргүй, туйлшрамтгай, ангич социалист монгол хүн эндээс бий болсон. Үүнийг Майский харсан бол ямар их халаглах байсан бол ? Энэ дашрамд дурьдахад, унаган монгол зангаа эргүүлэн олж авахыг зорьж “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг гаргасан юм шүү! 

Их хэлмэгдүүлэлтийн дараа ч "бага" хэлмэгдүүлэлт үргэлжилсээр байсан юм. МАХН-ын Төв хорооны шийдвэрээр Цэнд, Төмөр-Очир, Ц.Лоохууз, Нямбуу, Сурмаажав  нарын олон арван сэхээтнийг 25 жил нутаг цөлөн суулгаж залхаав. Намын даалгавартай “шүүх” Р.Чойням, Ц.Лоохууз, Ламжав нарын олон сэхээтнийг яллан шоронд хорьсон. Жирийн малчдыг төлөвлөгөөт даалгавар биелүүлээгүй гэх хэргээр шүүхээр таслан шийтгэж, шоронд олон арван жилээр хорьж байсан нь саяхан.

Ийнхүү, улстөрчид "шүүх" үйл ажиллагаа явуулах нь зайлшгүй террор, хэлмэгдүүлэлт, зүй бус байдалд хүргэдгийг хүн төрөлхтний түүх ч тэр, монголын түүх ч тэр нотолсон билээ. Ийм аюулыг дахин гаргахгүй байх арга зам нь шүүх эрх мэдлийг улстөрөөс ангид, улстөрчдөөс хол байлгах явдал гэдгийг ойлгож авсан. Цаашлаад энэ ойлголтоо бататган шүүх эрх мэдлийг төрийн бусад инстүүцээс хараат бус, бие даасан эрх мэдэлтэй байх тухай үзэл санааг англи хүн Локк (John Locke), франц хүн Монтескье (Charles Montesquieu)  нар боловсруулан гаргажээ. Ингэж чөлөөт ардчилсан үзэл санааны амин сүнс болох нэгэн үнэт зүйл бий болж, хожим нь чөлөөт ардчилсан нийгэм байгуулж байгаа улс бүр энэ үнэт зүйлийг Үндсэн хуулийнхаа суурь зарчим болгосон билээ.

Монгол улс 1992 оны 1-р сарын 13-нд Ардын Их Хурлаар баталсан шинэ Үндсэн хуулиндаа шүүх эрх мэдлийн бие даасан хараат бус байдлыг тун тодорхой тусгаж суулгасан.

Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн:

1. Монгол улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.
2. Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно.
3. Шүүхийг зөвхөн Үндсэн хууль, бусад хуулийн дагуу байгуулна" гэжээ. Мөн Дөчин ес, Тавин нэгдүгээр зүйлүүдэд аль ч шатны шүүх нь зөвхөн мэрэгжлийн шүүгчдээс бүрдэж, үйл ажиллагагаа нь гагцхүү хуульд захирагдаж, хараат бус байхаар заасан юм.

Энэ бол, хэн дуртай улстөрчид, хийрхсэн хувьсгалчид шүүх байгуулах, шүүгч болох замыг эгнэгт хаасан ард түмний зарлиг! Үүнд л хүрэх гэж мянга мянган монголчууд, сэхээтнүүд, залуучууд цусаа урсган байж тэмцсээр, энэхүү аймшгийг туулжээ.

Гэтэл, сүүлийн үед УИХ, мөнөөх гайтай, улстөрчидөөс бүрдэх “Онцгой  комисс” маягийн үйл ажиллагааг "авс"-наас босгож, шүүх эрх мэдэлд халдан, шүүхийн ажлыг хийх гэж өндөлзөх боллоо. УИХ дур зоргоороо шүүж болдог юм бол бусад нь яагаад шудрага ёсыг тогтоох эрхгүй юм хэмээн уруу татагдсан популист этгээдүүд мөн гудамжинд "хувьсгалт шүүх" байгуулахаа зарлаж байна.

Монголчууд бид, улстөрчид хийтэй хувьсгалчид дур зоргоороо "шүүх" байгуулахын хорыг, гэм зэмгүй атлаа амь насаа алдсан 40 мянган хүн, өнчирч хоцорсон 40 мянган айл өрхийн цус, нулимс, зовлон зүдгүүрээр амссан. Үлдэж хоцрогсодын нулимс өнөө хэр хатаагүй байхад "үхдэл" болоод байсан нөгөө улстөрийн "шүүх" эргэн амилж байна!!!






"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив