М.ЭНХСАЙХАН, МАН ХОЁРЫН ЯРИА ОЙРТООД ИРЛЭЭ
2011 оны 4 сарын 8 [Уншсан тоо: 8638]
Хоёр танхимтай парламенттай болох саналыг хэдийнээс ярьж эхэлсэн. Энэ саналаа найман үндэслэлээр тодотгож тайлбарлаж байгаа юм.

-МАН хоёр танхимтай парла­ментын тогтолцоог дэмжиж буй­гаа илэрхийллээ. Гэхдээ анх ярьж эхэлсэн нь та. Одоо бол автор нь МАН болж харагдах гээд байгаа  юм шиг? Таныг санааг МАН шүүрээд авчихав уу?

-Ийм тогтолцоог санаачилсан хүн нь гавьяат хуульч Б.Чимид гуай юм. Бүр 1990 оны гуравдугаар сард Үндсэн хуулинд өөрчлөлт хийе гэж “Үнэн” сонинд бичиж байсан юм.  Шилжилтийн тухайн үед маш их хэрэг болсон гайхалтай өөрчлөлт. Түүхийн үнэнээр бол автор нь яалт ч үгүй Б.Чимэд гуай. Зөвхөн шилжилтийн үеийн бус ер нь их сайн тогтолцоо юм биш үү гэдгийг би дөрөв таван жилийн өмнөөс сэргээж сөхөж ярьсан. Одоо бол би 1990-1992 оны тогтолцоо зөв байсан гэдэг үндэслэлүүдийг яриад байгаа юм. Олон үндэслэл байна. Нэгдүгээрт өнөөдөр манай ард иргэд улс төрийн том хэмжээний өөрчлөлтийг нэхэж байна. Өнөөгийн төрийн тогтолцооны хүрээнд зөвхөн Сонгуулийн хуулийг өөрчлөх төдий шинэчлэлийг хүмүүс хүлээж авахгүй нь шиг байна. Дорвитой том өөрчлөлтийг нэхэж байна. Сүүлийн үед сонгогдсон төр нь хүмүүсээс алсарч, нэг сонгочиход эргээд хүрэх аргагүй холдчихоод байгаа нь хүмүүсийн сэтгэлийг гонсойлгоод байх шиг. Тиймээс илүү өөртөө ойрхон төрийн тогтолцоог нэхэх хандлагатай болжээ.

-Өөрөөр хэлбэл, Ардын их хурлын үеийн тогтолцоо зөв бай­сан гэж нэхэж байна гэж үү?

-Парламентын хоёр танхим гэж яриад зуршсанаар бол дээд тан­хим нь иргэдтэй илүү ойрхон, төлөөлөгч нь сумаас сонгогддог байсан. Одоо бол аймгаас сонгогдож гарсан УИХ-ын гишүүд иргэдээс хэтэрхий их холдчихож байна шүү дээ. Орон нутгийн удирдлагын эрх мэдэл бага, асуудлыг төв Засгийн газар шийдэж байгаа учраас тэд дээд удирдлагын шийдсэн асуудлыг орон нутагт “аялуулах” байгууллага болсон. Жинхэнэ эрх мэдэл энд, Улаанбаатарт саарал ордонд байгаа учраас тэд төлөөллөө саарал ордонд аваачих сонирхолтой болсон.

-Одоогийн тогтолцоогоор иргэ­дэд ойр байх ёстой Иргэдийн хурал ч байна, иргэд өөрсдөө сонгодог хууль тогтоох байгууллага ч байна. Гэвч түүнийгээ байх ёстой хэмжээ, төвшинд ажиллуулж чадах­гүй алдарснаас төр иргэдээсээ холдлоо гэж хүмүүс шүүмжилж байгаа. Тэгээд л өөр тогтолцоо эрж хайгаад байгаа гэж үү?

-Үнэхээр тийм. Төв Засгийн газар сум орон нутаг, аймгийн эрх мэдлийг юу ч үгүй хурааж авсан. Дээр хэдэн дарга нар асуудлыг шийддэг болсон. Үнэхээр үүнээс болж нийгмийн ийм хандлага бий болсон ч байж болох юм. Өөрийн тань хэлснээр энэ бол яах аргагүй нэг шалтгаан  мөн. Орон нутагт эрх мэдлийг эргүүлж өгөх асуудалд бид олон жил хойрго хандаж ирлээ ш дээ. Тэнд асуудал шийдэх бололцоог олгосонгүй. Цаашдаа боломж олгох хандлага алга.

-Тэгээд, сонгодог утгаар нь хэрэгжүүлсэн бол ажиллаад явах системээ байх ёстой төвшинд нь ажиллуулж чадаагүй мөртлөө одоо яагаад дахиад шинэчлэлт, өөрч­лөлт хийх гээд зүтгээд байгаа юм бэ? Иргэдийн хуралдаа эрх мэдлийг нь өгсөн шиг өгөөд, сонгогдонгуутаа тэнгэрт заларсан мэт алга болчихдог гишүүдээ байх ёстой байранд нь байлгавал ажиллаж болохгүй систем гэж үү, одоогийн тогтолцоо?

-Одоо байгаа хүрээнд шинэчлэл хийх боломжтой гэж үзэж байгаа хүмүүс бий, таны хэлсэн шигээр. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд төв Засгийн газар гэдэг хэрэгтэй үедээ эрх мэдлийг нь өгдөг, бас хэрэгтэй бол хураагаад авчихдаг найдваргүй этгээд л болчихоод байна л даа. Үүгээр Үндсэн хуулийн дархлаа сул байгаа нь харагдсан.

-Тэр “этгээд”-ийг найдвартай болгож болдоггүй юм уу?

-Одоо бид яг ингэж л хоёр талд гарчихаад мэтгэлцээд байна л даа. Б.Чимэд гуай, Х. Тэмүүжин гишүүн нар наадхийг чинь хэлээд байгаа юм. Нөгөө талаас баялаг ихтэй болчихсон ийм үед орон нутгийн эрх мэдэлд их болгоомжтой хандах ёстой болж байна. Орон нутгийнхан баялагтаа эрдэж, өөрийн эзэмшлийн зүйл болгох гэж орон нутаг салан тусгаарлах, бусдад уруу татагдах аюул гарахгүй гэх баталгаа алга.

-Өнөөдөр ч баялаг ихтэй, орд газруудтай сумын дарга бол ядруухан аймгийн Засаг даргаас ч толгой дээгүүр байдаг болсон биш үү?


-Яг үнэнийг хэлэхэд өнөөдөр баялаг ихтэй аймгуудын Засаг дарга нар том толгойтой, бүр өөрийн гэсэн бие даасан гадаад харилцаатай болоод эхэлсэн байна. Энэ бол маш аюултай зүйл. Ардчилалд шилжээд дөнгөж 20 жил болж байгаа Монгол төдийгүй, ардчиллын маш өндөр соёлтой, урт хугацааны уламжлал, туршлагатай, хууль дүрмээ ягштал биелүүлдэг улс орнуудад ч салан тусгаарлах сонирхол гаргаж л байна. Одоо ч Их Британиас шотландууд, Даниас Гренланд арлынхан салан тусгаарлах гээд зүтгээд байна шүү дээ. Энэ бодох л  ёстой асуудал. Харин ч тэр үед Үндсэн хуулинд “Төрийн эрх мэдлийг орон нутгийн өөрөө удирдах эрх мэдэлтэй хослуулна” маш зөв заалт оруулсан. Тэгэхдээ л бид хослуулах торгон цэгээ олж чадахгүй байна. Нэг бол төв Засгийн газар нь эрх мэдлийг нь булаагаад авчихдаг, нэг бол төв засгийн га­зарт ямар ч хамааралгүйгээр орон нутагт эрх мэдэл өгчихдөг. Жишээ нь, Засаг даргыг томилоход одоо Ерөнхий сайд бараг үүрэггүй болсон. Тэгээд өнөөдөр Засаг дарга нар, ялангуяа баялагтай газрынхан их дураараа байна. Гэтэл урьд нь Ерөнхий сайд Засаг даргыг огцруулдаг байх үед хэтэрхий бас нөгөө тийшээ туйлширсан. Түүнээс хамгаалах гэтэл бас өөр тийшээ туйлширчихсан.   
 
Хоёр дахь үндэслэл нь: 2000-2004 онд МАХН дангаараа үнэмлэхүй эрх барьж байх үед УИХ нэг хүний эрх мэдэлд орохгүй байх онцгой дархлаа тогтоож чадаагүй юм байна гэдэг нь харагдсан. Тэр цөөхөн хүнийг нэг том удирдагч “маллаад”, өөрийнхөө цэрэг болгосон. Үүний эсрэг тэр үеийн Ерөнхийлөгч Н.Бага­банди л ганцаараа арай ядан зогссон. Яах вэ тэр үед бол азаар, бурхны авралаар юу юугүй дарангуйлагч дэглэм тогтоочихьё гэсэн бодол хэн хэнийх нь толгойд төрөөгүй юм шиг байгаа юм.

-Н.Энхбаярт уу?


-Каддафи шиг дарангуйлагч бол­чихьё гэдэг бодол тухайн үедээ төрөөгүй. Бас ч яах вэ, эрх мэдэлтэй байхыг хүссэн, гэхдээ зөөлөн хэлбэрийн дарангуйлал байсан болохоос ардчиллын үнэ цэнийг хүлээн зөвшөөрсөн хүндлэл бол байсан. Тэгээгүйсэн бол, тэр үед Гитлер шиг амбицитай нэг нөхөр байсан бол өнгөрсөн л дөө. Парламент нь тийм ядуу байсан. Тиймээс өөрчлөх ёстой гэсэн нэг үндэслэл. Гурав дахь үндэслэл нь сонгох, сонгогдох эрх. УИХ том тойргуудад хуваагддаг, түүнд өрсөлдөхөд мөнгө, санхүүгийн хувьд маш их хүчтэй байх ёстой, мөнгөтэй байж л сонгогдох боломжтой. Өөрөөр хэлбэл,  хуулиар бичээгүй ч гэсэн мөнгө, өмч хөрөнгөтэй хүн л сонгогдох эрхтэй болж бусдынх нь хангагдахгүй байна. Тогтолцоо нь өөрөө ийм байдал руу түлхэж байна. Өмч хөрөнгөөр сонгогдох эрхийг хязгаарлахыг л олигархийн тогтолцоо гээд байгаа. Олигарх гэж баячуудыг хэлээд байгаа юм биш. Ердөө л чи хөрөнгө мөнгөтэй бол сонгогдох эрхтэй, үгүй бол “Уучлаарай чи яв” гэсэн энэ тогтол­цоог л олигархийн улстөр гэж хэлээд байгаа юм. Бид олигархийн тогтолцоо руу хэдийнэ шилжчихсэн, үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой. Хоёр танхимтай болбол сумаас сонгогдох магадлалтай сайн малчин ч гэсэн нэрээ дэвшүүлээд үзээд л алдана. Ардын их хурлын депутатууд ч ингэж сонгогдож байсан.  Зон олныхоо итгэлийг хүлээж чадах хүн бол нэг сарын дотор эрх биш мориороо ч сумаа тойроод, өөрийгөө сурталчилчихна. Сонгуулийн зардал ч асар бага болж байгаа юм. Мөнгө л байхгүй бол сонгогдох эрхгүй болоод байгаа эрхийг нь л эргүүлж өгнө гэсэн үг. Сонгогдох эрх хэнд ч нээлттэй болно.

 -Таны яриад байгаагаар бол дээд танхимын төлөөлөгчдийг сумаас иргэдийн саналаар шууд сонгож, түүнээс доод танхимыг дахин сонгох билүү?


-Иргэд сумын төлөөлөгчдөө сонгоод мөн, намуудад саналаа өгнө. Намд өгсөн саналын хувиар доод тан­химд нам хэнийг сонгохоо оруулж ирэхэд дээд тан­хим хэлэлцэн батална. Дээд танхим хууль тогтоох танхимаа томилчихно гэсэн үг.

Дөрөвдэх үндэслэл: Орчин үед хууль тогтоох болон ард түмний засаглалын эрхийг сал­гах­гүй бол болохгүй нь гэдэг нь хараг­даж байгаа. Хууль тогтоох нь илүү мэргэжлийн ажил. Орчин үед нийг­мийн харилцаа нарийн, төвөгтэй бол­чих­сон. Жишээ нь, интернэтийн асууд­лыг зохицуулах хууль гаргана гэдэг Зохиогчийн эрхийн асуудал гэх мэтчилэн нарийн харилцаатай, Ерөн­хийлөгчийг сонгох­той адил асуудал биш болчихсон. Афины ардчиллын үед дайн хийх үү, бусадтай найрамдах уу гээд л нийтээрээ сууж байгаад шийдчихдэг байсан бол одоо бол шинжлэх ухааны нарийн асуудлаар нийгмийн харилцаа тодорхойлогддог болчихсон. Тэгэхээр хоёр танхимаар ард түмний засаглал, хууль тогтоох хоёрыг салгахгүй бол болох­гүй болчихоод байна. Хууль тог­тоох байгууллага нь нэлээд нарийн шал­гуур­тай. Харин дээд танхим нь Зас­гийн газраа байгуулах, төсвөө ярих, Дээд шүүхийн ерөнхий шүүгчээ томилох гэх мэт мэддэг зүйлээ шийднэ. Энэ бол шинжлэх ухааны нарийн зүйл, засаглалын л ойлголт.

-Одоо дараагийн тав дахь үндэслэл рүүгээ орох уу. Дунд нь янз бүрийн асуулт оруулж ирээд таны тайлбарлах үндэслэлүүдийн дэс дарааллыг алдуулаад байх шиг байна, уучлаарай.

-Тав дахь үндэслэл маань Мон­гол­ын түүхээс улбаатай. Төрийн эрх мэдэл цөөн хүний гарт байх тусам бусдын хараат байдалд орох магадлал өндөр. 1919 онд Улсын дээд хурлын цөөхөн ноёд хахуульдагдаад “Монгол Улс бол Дундад иргэн улсын хэсэг мөн” гээд шийдвэр гаргаад хаячихсан.  Тэгээд доод танхим буюу нөгөө Бодоо, Дан­зан, Сүхбаатар нар маань бослого гаргаж байлаа шүү дээ. Социализмын үед ч гэсэн Улс төрийн товчооны цөөхөн хэдэн хүн улсаа удирддаг, үнд­сэн­дээ Зөвлөлтийн мэдэлд л байлаа шүү дээ. Тэгэхээр жижиг улсыг цөөн хүн удирдана гэдэг эрсдэлтэй. Жижиг гэл­т­­гүй оронд ч эрсдэлтэй байдаг юм билээ.

-Үүнд сөргүүлж тавьж байгаа бас нэг болгоомжлол айдас бол тэр­тэй тэргүй одоо данхайгаад байгаа төрийн бүтцийг хоёр тан­хим­тай болгочихвол зардал улам л ихэсч, одоогийн 76 шиг 400 гаруй эрх ямбатантай болчихно. Хоёр сая гаруй хүнд 400 даргын хэрэг байна уу гэсэн шүүмжлэл байна?

-1990-1992 онд байсан тогтолцоо өнөө­гийн­хөөс инфляцийн өсөлттэй хан­ш­аар нь харьцуулаад тооцоод хамаа­гүй бага зардалтай байсан. Одоо­гийнх шиг нүсэр том сонгууль бол­доггүй байлаа. Ерөөсөө л Ардын их хурлаа сонгоно. Тэд ард түмний нэрийн өмнөөс Ерөнхийлөгчөө, Дээд шүүхийн шүүгчээ томилчихно. Бас байнгын бус ажиллагаатай.Тэгэхээр би бол зардал буурна гэж бодож байгаа. 

-Жижигхэн жишээ татахад тэр үед Ардын их хурлын гишүүд шар Паз автобусаар бөөнөөрөө ирээд л хуралдаа суучихдаг. Одоогийн гишүүд шиг машин унаа, туслах, зөв­лөх гэдэггүй, гэнэн цэвэр хүмүүс байж. Гэтэл одоо байдал өөр болсон. Хүссэн ч эс хүссэн ч нэгэнт тогтсон хэрэглээний зардал, ахуй хан­гамжийг бууруулж чадахгүй л болов уу? Тэгэхээр ядахдаа дээд, доод танхимын гишүүдийн ахуй хангамжийн зардал өсөх болов уу?

-Зардал их үү, бага үү гэдгээс илүү хэр үр ашигтай, зөв зүйлд зарцуулсан бэ гэдэг нь гол асуудал. Аюулгүй байд­лын дархлаа бий болгоход бид зардал зарцуулж чадаж байна уу. Цөөхөн хүн дээгүүрээ идэж ууж байна л гэдэг, хариуцлага тооцож чадахгүй байна. Тэр хариуцлага тооцдог механизмыг бий болгох, ажиллуулахын тулд, ард түм­ний итгэлийг хөсөрдүүлдэггүй бол­­гох­ын тулд бид мөнгө зарах л ёстой. Тэгэхээр зардлыг хэр зөв зүйлд зарцуулах вэ гэдэг л чухал. Би бол зардал ч багасна, зорилго ч илүү утга учиртай болно. Ардын их хурал байх үед бага хурлаас гишүүнээ эргүүлэн татаж байсан. Дамдин гишүүнийг 20 дугаар тогтоолын дараа хадгаламжийн мөнгө нь өссөн ч билүү, тогтоол гарах гэж байгааг хадам ээждээ хэлсэн ч билүү шалтгаанаар эргүүлэн татаж байсан шүү дээ. Үүнийг хүмүүс одоо сон­соод тэр үед манай төр ямар гэгээн, цэвэр тунгалаг байсан юм бэ гэж дуу алдах байх.

-Уг нь ч ийм л байх ёстой л доо. Тэгэхээр цэвэр тунгалаг байсан тэр зарчмаа хадгалж яагаад чадаагүй юм бэ, хүмүүсийг, тог­тол­цоогоо байх ёстой төвшинд байл­гаж яагаад чадаагүй юм бэ гээд дээр асуугаад байсан асуулт руу эргээд л орох нь. Нөгөө талаас монголчуудын зарч­­мын хувьд маш сайхан эрхэм нан­дин зорилго тавиад, боломжтой шийд­вэр гарцыг нь олж чад­сан мөртлөө хэрэгжүүлэхдээ завхруул­чихдаг нэг зан бий. Сая хэлсэн хэрэгтэй зүйлд зарцуулах ёстой зардлыг эсрэгээр нь эрх ямбандаа зарцуулчих вий. Бүр өмнө нь 76 хүн идэж уудаг байсан бол эсрэгээрээ 400 хүн идэж, уудаг болчих вий гэж болгоомжлохоос өөр арга байхгүй байна шүү дээ?

-Яг энэ асуулттай уялдуулаад би зургаа дахь үндэслэлээ тайлбарлах болом­ж­той боллоо, баярлалаа. Манай Үндсэн хууль үнэндээ гайхалтай сайн хууль. Гэхдээ улстөрчдөөс өндөр ёс сур­тахуун шаардсан хууль. Улс орныхоо төлөө өөрийгөө зольсон төгөлдөр ёс зүй нэхдэг Үндсэн хууль. Цөөхөн хүн эрх мэдэл барьж байхад  тэдний ёс сур­тахуунд найдахаас аргагүй. Тэгэхээр Хэрвээ хүний ёс суртахуунд найдах гэж байгаа бол аль болох олон хүнийг шийдвэр гаргуулах хэрэгтэй гэдэг. Олон ёс суртахуунгүй хүн хоорондоо тохиролцох бололцоо нь цөөн ёс суртахуунгүй хүнийхээс тэр хэрээр бага байдаг. Ёс зүйгүй 76 хүн тохиролцоход маш амархан, харин 400 бол тохироход хэцүү. Ёс суртахуунгүй 400 хүнээс шийдвэр гарлаа ч нийтэд ашиг­тай шийдвэр байх магадлал өндөр.

-Манайхан “авьяаслаг” юм чинь дөрвөн зуугаараа нийлж бай­гаад тохирч чадах хүмүүс шүү дээ?


-Одоо тэгвэл долоо дахь үндэс­лэл гарч ирж байна. Б.Чимэд гуай, Х.Тэмүүжин гишүүн нар бол “Наадхи чинь Хятад, Зөвлөлтөд байсан төр ард түмний эрх мэдэлд байгаа гэж харуулах жүж­гийн төрөл” гэж зад эсэргүүцдэг. “Социалист төрийн тогтолцоог чи яахаараа одоо эргүүлж яриад байдаг нөхөр вэ” гэж загнадаг юм.  Би бол “Нэг намын тогтолцооны үед үнэхээр жүжиг байсан. Олон намын тогтолцоотой үед бол ондоо. Ард түмний засаглалыг харуулж чадна. Тухайлбал, 1990-1992 онд үр ашигтай гэдгийг харуулж чадсан” гэж сөргүүлж мэтгэлцдэг юм. Энэ бол миний долоо дахь үндэслэл. Харин найм дахь үндэслэл нь сон­гууль­тай холбоотой. Манай сонгуулийн тойрог их том учраас. Тойрог томрох тусмаа нэр дэвшигчээ таньж, судлах боломж хомсдож,  ердөө хамгийн гоё популист амлалт өгсөн, гар цайлгасан, эсвэл нэг их буянтай царайлсан хүнээр баримжаалахаас өөр аргагүй. Суманд сонгууль явуулахад харин тэр барим­жаа бол алдагдахгүй. Сумынхан бүгд бие биеэ мэддэг, танилын хол­боо. Жишээ нь, би Чимэд гуайн суманд очоод яаж ч сайхан амлаад сонгог­дох­гүй. Танилын холбоонд нэг тийм сүргийн зөн байдаг. Сүрэг бол аргагүй сайныгаа л манлайдаа тавьдаг. Нөгөө­тэйгүүр сонгууль зөв, шударга явах бололцоотой болно. Ардын их хурлын сонгууль маш шударга болж байсан. Нэг жижиг суманд түмэн хүн нэр дэвшинэ. Бие биеэ хянана гэж жиг­тэйхэн, тэр сонгуулийн хороог хааш нь ч хөдөлгөхгүй шүү дээ. Би бол одоо сонгуулийнхаа ажиллагааг хянаж, чадахгүй, яагаад ч сум болгон дээр би байж хянаж чадахгүй. Ганц суман дээр бол асуудалгүй хянана шүү дээ. Сон­гуулийн эцсийн зорилго бол зөв сонгууль. Тэгэхээр хоёр танхимтай болс­ноор зөв сонгууль хийх магадлал руу илүү их дөхөж байгаа юм.

-Үндэслэлүүдээ тайлбарлахаас тань өмнө нь дундуур нь асуулт тавьж таслаад байсанд уучлаарай. Гэхдээ асуулттай маань харин ч нийц­үүлээд та найман үндэслэлээ “ам­жилт­тай” тайлбарлалаа, баяр­лалаа?


-Би ийм л үндэслэл яриад байгаа юм. Гэхдээ мэдээж, хэрэг бид сайн ярил­цах ёстой. Үндэслэлүүдээс гадна тооцоо судалгаа хийх хэрэгтэй. Бөөн ам­бицитай 400 гаруй хүн гарч ирээд бүх ажлыг булаагаад унавал яах вэ? Би эрх мэдэлтэй гээд өөрсдийгөө дөвийлгөөд 400-гуулаа орон тоотой болох гээд зүтгэчихвэл яах вэ? Тэдэнд шийдвэр гар­ах дээд эрх мэдэл шилжинэ. Ийм сөрөг үр дагавар гарах уу гэдгийг олон талаас нь тунгаах учиртай. Дахиад хэдэн жилийн дараа “Ээ халаг, буруу болчихож, тэр үед Чимид гуай их зөв зүйл ярьж байж” гээд манаргаж байвал яана. Ийм гашуун туршлага байна. 2000 онд нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсон. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хууль тогтоогч бус сайд болох сонирхолтой хүмүүсийг УИХ-аар дамжин сайдын суудал руу авирдаг бол­госон шүү дээ гэж шүүмжилж байгаа.

-Эрх барьж байгаа хоёр намын­хан ямарваа нэг асуудал дээр ам тохироод ирэхээрээ цааш­дын процесс маш хурдан, бүр санаанд ором­гүйгээр түргэн шийдэг­­д­­чих­­дэг. МАН хоёр пар­ламен­ттай болохыг дэмжихээ илэр­хийлчих­лээ. Танай Ардчилсан нам ч дургүй биш байгаа бололтой?


-Үгүй. Ардчилсан нам үүнд нэлээд өөр байр суурьтай, одоо байгаа Үндсэн хуулийнхаа хүрээнд шинэтгэл хийе гэсэн хандлага зонхилж байгаа.

-Хоёр танхимтай болохыг дэмжих гишүүд ч байгаа байх, Ардчилсан намд. Тэгэхээр нэлээд олон жил яригдсан энэ асуудал эрх баригч намын хүчээр юу юугүй шийдэгдчих вий гэсэн болгоомжлол байна л даа. Асууд­лыг гэнэт л шийдээд галт тэрэг хөдөлчихвөл...?

-Хоёр нам тохироод асуудлыг шийд­чихдэг гэдэг сэжгийг олон нийт аль хэдийнэ авчихсан. Алдах нь ч их байдаг гэдгийг гадарлахтайгаа бол­чихсон. Одоо бид эрх баригч гээд хүч түрэн дайраад байхыг парламентын гадна байгаа улс төрийн хүчнүүд ч зөв­шөөрөхгүй. Ард түмэн ч тэр галт тэргийг тийм хурдан явуулчихгүй. Тэгэхээр эрх баригч гэж биеэ тоосон хандлага хол явах­гүй гэж би хувьдаа бодож байна. Гэхдээ тэгвэл яах вэ гэж бас муугаар нь бодож үзэх хэрэгтэй л дээ. Тэгэхээр гишүүн болгон өөр өөрийнхөө байр суурийг илэр­хийлээд эхлэх байх аа. Мэдээж хэрэг улстөрчдийн өөрсдийнх нь сонирх­лыг хөндсөн асуудал гарна. Намын сонирхлоос гадна хувь улстөрчийн. Тэгэхээр энэ бол тийм ч их амаргүй асуудал босч ирэх байх. Гэхдээ ямар ч гэсэн ярилцаж эхэлж байгаа нь чухал. Бас нэг баярлууштай хандлага нь хүчир­хийллээс зайлсхийх боломжийг бий болгож байна. Гадна байгаа улс төрийн хүчнүүд улс төрийн шинэчлэлийг эд хийхгүй ээ, тийм учраас хүч хэрэглэсэн хувьсгал хийх хэрэгтэй гэж байлаа. Гэтэл эрх баригч нам нь ч, хаа хаанаа шинэчлэл хийх хэрэгтэй гэдгийг яриад эхэллээ. “Гадаа” байгаа М.Энхсайханы ярьж байгаа зүйл Ардын намын яриатай ойртоод эхэллээ.  Хүч хэрэглэх шаардлагагүй юм байна, улс төрийн шинэчлэл хийх нь нээлттэй гэд­гийг хаа хаанаа ойлгочихлоо. Хүч хэрэглэхгүйгээр асуудлаа шийдэх зам руугаа орж байгаа нь сайн хэрэг гэж би баярлаж байна. Зарим гишүүд “2000 оных шиг цөөхүүлээ шийдчихээд, дараа нь юу болов гэж хашгирдаг шиг зүйл байж болохгүй ээ, ард иргэдээсээ асуу” гэж шууд хэлж байна. Яриа хэл­цэл их явагдана. Тал тал нь оролцож байгаа учраас сайн үр дүн гарна гэдэгт би итгэж байна. Үүний үр дүнд өнөөдрийн төрийн олигарх байдал үгүй болно гэдэгт би итгэлтэй байна.  МАН бол хоёр танхим­ын тухай яриа улс төрийн их татах хүчтэй гэдгийг ойлгоод ханцуй шамлаад орж байна л гэж ойлгож байна.

-Өөрсдийгөө хэрхэн дархлах вэ гэдэг асуудал чухал байгаа учраас ийн яаравчилсан ч юм уу гэж харж болохоор...?

-Суманд байгаа улстөрчид сумын­хаа улс төрийг “малладаг” өөрөөр хэл­бэл хариуцаж байдаг гол хүмүүс нь. Тэд хэнийг дэмжиж байна гэдгээс шийдэл тэгж гардаг. Тийм ч учраас намууд “сумын улстөрчид” рүүгээ гүйдэг. Гэтэл тэд өнөөдөр депутат болохыг хүсч байгаа. Бат-Үүлийг 20 жил харж, өөрсдөө сумандаа үлдэх үү? Тэгэхээр сумын улстөрчдийн хорхойг маш их хүргэж байгаа программ.

-Нөгөө талаас нь намууд доод танхимын төлөөллөө томилох учраас намд дархлагдсан хүмүүс ч бас намынхаа дэмжлэгээр доод танхимдаа торойгоод байх боломж өгөх нь?

-Эерэг талаас нь харах гэвэл их олон зүйлийг шийдэж байгаа юм. Пропорциональ системийг сонгохоор дан намын, мажоритараар бол 76 хувь хүн дураараа засаглах тогтолцоо болчихдог. Нам гэдэг төрийн бодлого тодорхойлдог болохоор намын засаг­лалыг үгүйсгэх аргагүй. Хоёр танхим руу шилжвэл, намуудад төрийн бодлого тодорхойлох эрхийг нь өгч байна, нөгөө талаас, шууд сонгогдох, сонгох ардын засаглалын ч иргэдэд эрхийг өгч байгаа сонирхлуудыг хослуулж байгаа юм.

А.АЛТАНТУЯА
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив